М.Уранцэцэг: Аваагүй медалиа авахын төлөө би зүтгэнэ ээ

2013-09-06 10:18:12


Монголын жүдо бөхийн түүхэнд анхны эмэгтэй дэлхийн аварга болсон Мөнхбатын Уранцэцэг өчигдөр эх орондоо ирлээ. Дэлхийн аварга болон жүдочдыг тосохоор нэлээд олон хүн Буянт-Ухаа дахь “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд өглөөний 04.05 цагт цуглажээ. Урнаагийн өвөө, мөн ах, эгч нар ирсэн байв. Бүгд л жигтэйхэн баяр хөөр. Онгоцны буудал дээр байсан хүмүүс М.Уранцэцэг, Д.Амартүвшин нарт баяр хүргэж, бас л догдлов. Ингээд дэлхийн аварга Мөнхбатын Уранцэцэгтэй ярилцсанаа хүргэе.

 

-Баяр хүргэе. Риогийн татамид гал гарсан гайхалтай барилдаануудыг үзүүлж түрүүллээ шүү дээ?

-Баярлалаа. Дэлхийн аварга хэмээх нэр хүндтэй цолны эзэн болсондоо маш их баяртай байна. Надтай хамт ялалтын хором, мөч бүхэнд урам зориг, итгэл найдвар өгч дэмжсэн Монголын ард түмэн, шигшээ багийн хамт олон, гэр бүлийнхэндээ талархаж байгаагаа илэрхийлье. Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга сайд миний энэ их амжилтыг эхлэлийг тавьж, өнөөдрийг хүртэл намайг дэмжиж тусалсан хүн шүү дээ. Тэр их тус дэмжлэгийг цаашдаа ч олон, олон амжилт гарган хариу барихын төлөө бэлтгэл сургуулилтаа хийнэ. 38 дугаар сургуулийн ангийн хамт олон, Хууль сахиулах сургуулийнхан гээд миний талархаж явах ёстой хүмүүс олон бий.

 

-Алтан медалийн төлөөх барилдааны дараа юу бодож байв?

-Тайвширч чадахгүй байсан. Өөртөө итгэхгүй байсан. Өөрийн эрхгүй л уйлсан даа. Багшийгаа хараад бүр ч их уйлмаар санагдсан. Жүдо бөхийн ертөнцөд хөл тавьсан цагаас эхлээд өнөөдрийг хүртэл надтай хамт байж, миний биеийн нэг хэсэг болсон Ш.Цэвэлмаа багшаараа бахархаж байлаа. Багш бид хоёрын зорилгын эхний хэсэг биелсэн.

 

-Дэлхийн аваргын даваа бүхэн чанга байсан нь ойлгомжтой. Хамгийн хэцүү өрсөлдөгч хэн байв?

-Улс орнууд хөнгөн жинд түлхүү анхаарлаа хандуулж хоёр тамирчнаа илгээсэн болохоор өрсөлдөгч бүр хүчтэй байлаа. Олимпийн аварга болон дэлхийн аваргатай таарсан барилдаанууд хамгийн хүнд байсан.

 

-2010, 2011 оны дэлхийн аваргад дараалан түрүүлсэн Японы алдарт бөх Харүна Асамиг яллаа. Мөн олимпийн аварга Сара Менезесийг буулган авлаа. Тухайн үеийн сэтгэгдэлээ хуваалцана уу?

-Мэдээж сайхан байлгүй яах вэ. Ялангуяа Японы төдийгүй дэлхийн шилдэг тамирчин Харүна Асамиг ялсандаа бүр ч их баярлаж байна. Олон улсын дэвжээнд энэ тамирчинд мөн ч олон удаа ялагдсан даа. Эцэст нь Риогийн татамид хариугаа авч чадлаа. Сэтгэл онгойгоод сайхан байсан шүү.

-Финалын барилдааны өмнөх сэтгэлзүйн бэлтгэл хэр байсан бэ?

-Маш тайван байсан. Хамгийн сүүлд хэзээ тийм тайван байснаа мэдэхгүй юм. Тэгэхээр сэтгэлзүйн бэлтгэл сайн байсан гэсэн үг. Түүний хүчинд ялалт авсан болов уу гэж бодож байгаа.

 

-Японы тамирчдын хийдэг мэхийг өөрсдөд нь тун сайн хийсэн. Энэ мэхийг хэр их бэлдсэн бэ?

-Тийм ээ. Энэ мэхийг Харүна Асамид зориулж удаан бэлдсэн. Маш олон удаа давтсан. Боломж нь ч сайхан таар-лаа. Ялалт авсныхаа дараа чанга орилоход сайхан мэдрэмж төрдөг юм билээ. Дээшээ харж хэвтээд орилоход үнэхээр гоё байсан шүү.

 

-Төрийн дуулал эгшиглэхэд та уйлж байгаа харагдсан. Нулимсаа барьж дийлсэнгүй юү?

-Тийм ээ, дийлээгүй. Миний нэрийг дуудахад өөрийн эрхгүй огшоод, яах учраа олохгүй байсан. Тэр үед би дэлхийн аварга боллоо гэж өөртөө хэлээд итгэсэн. Медалийн тавцанд зогсоход өөрийн эрхгүй гар, өвдөг чичрээд нулимс дүүрээд л байсан. Тэгээд л өөрийн эрхгүй нулимс гаргасан.

 

Олон тэмцээнд түрүүлж байлаа. Гэхдээ хамгийн сайхан мэдрэмж нь нулимстай, төрийн дууллаа сонсох гэдгийг хэлье. Омогших сэтгэл төрсөн шүү. Спорт цогцолборт хуран чуулсан бүх хүмүүст алтан соёмбот далбаагаа харуулж, төрийн дууллаа сонсгосон мөч одоо ч нүдэнд харагдаж байна. Үнэхээр сайхан мөч.

 

-Д.Амартүвшин та хоёр нэг өдөр медаль авч таарсан. Бас л гоё тохиолдол биз?

-Тэгэлгүй яах вэ. Бид чинь хоёулаа “Женко” клубын тамирчин. Дараалаад медалийн тавцанд зогсоход өөрийн эрхгүй баярласан. Уг нь Д.Амартүвшинг би алтан медаль авах болов уу гэж таамаглаж байлаа. Гэвч болсонгүй. Биднийг медалиа авсны дараа олимпийн аварга Түвшээ ах баяр хүргэсэн. “”Женко” клубынхэн мандаж байна шүү. Улам их мандах болно” гэж их гоё үг хэлсэн.

 

-Багш тань таныг дэвжээнд авч гарсан. Олон жил ажилласан багштайгаа анх удаа дэлхийн аваргын татамид гарахад ямар мэдрэмж төрдөг юм бол?

-Багш намайг “чи чадна харж л байгаарай, зоригтой барилд” гээд л зоригжуулаад байсан. Дэвжээнээс бууж очоод багшдаа тэврүүлээд явах үнэхээр сайхан санагдсан. Багшдаа тэврүүлээгүй удсан байна лээ шүү. Хамгийн анх намайг тамирчин болоод ирэхэд багш намайг тэвэрч байсан.

 

-Ш.Цэвэлмаа дасгалжуулагч их л чанга багш юм шиг ээ?

-Тийм шүү. Гэхдээ миний багшийн хэлсэн үг бүр нь үнэ цэнэтэй, юунаас ч чухал байдаг. Түрүүлээгүй л бол ямар ч медаль хүртсэн заавал зэмлэлийн үг хэлнэ. Хааяа хатуу үг хэлэхэд нь тухайн үедээ гомддог ч амархан мартана. Багшийн минь үг бүр нь миний амжилтын төлөө учраас намайг хурцалдаг юм даа.

 

-Ингэхэд та Лондоны олимпийн дараа нэг хэсэг 52 кг-ын жинд барилдсан. Яагаад 48 кг-д зодоглов.

-Тэр бол түр зуурынх гэж хэлмээр байна. Цаашид өөрийнхөө үндсэн жинд барилдана. Лондоны олимпод медальгүй хоцрох үнэхээр хэцүү байсан. Олимп дууссанаас хойш нэг ч өдөр тайван байж чадаагүй. Гэхдээ одоо бодоод байхад энэ ялагдал намайг хурцалжээ. Хэрвээ тухайн үед медаль авсан бол магадгүй дэлхийн аварга болохгүй ч байх байсан юм билүү гэсэн бодол төрөөд байна.

 

-Жин их хассан байх даа?

-6-7 кг орчим хассан байх шүү. Гэхдээ богино хугацаанд сэргэлт авч чадсан.

-2016 оны олимп таны түрүүлсэн татамид болно. Гэтэл та Риогийн тэмцээнээс алтан медаль хүртлээ. 2015 оны дэлхийн аварга бас Риод шүү дээ. Цаг агаар, цагийн зөрүү зэрэгт хэр хурдан дасав?

-Эхний гурван өдөр нойр хүрээд л байсан. Гэхдээ Лондоныг бодоход боломжийн санагдсан шүү. 2016 оны олимпод аваагүй медалиа авахын төлөө зүтгэнэ. Хүний хүсэл хязгааргүй учраас ирэх жил биш юм аа гэхэд 2015 онд Риогийн дэвжээнд дахиад алтан медаль авахыг хүсч байна. Тиймээс зорилгынхоо төлөө зогсолтгүй ажиллана. Багш бид хоёр төлөвлөсөн зүйл их бий.

 

-Таныг дэлхийн аварга боллоо гээд танай нутгийнхан бөөн баяр болж байна лээ. Нутагтаа очих уу?

-Энэ талаар өвөөгөөсөө сонссон. Нутагтаа очих бодол байна. Гэхдээ яг хэзээ гэдгээ хэлж мэдэхгүй юм. Өвөө болон манай гэрийнхэн ирсэн байгаа. Боломж гарвал тэдэнтэйгээ хамт яваад ирнэ.

 

-Эмэгтэй хүн бөхийн спортоор хичээллэх хэцүү байх. Гэрийнхэн тань хэр хүлээж авч байв?

-Ээж бага зэрэг дургүйцсэн. Гэхдээ манайхан намайг маш сайн дэмжиж байлаа. Түүний хүчинд л би өдий зэ-рэгтэй яваа юм шүү дээ. Дээрээс нь намайг Х.Баттулга сайд өөрийнхөө клубт авчирсан. Миний үргэлж талархаж явах ёстой хүний нэг. Би олимп, дэлхийн аваргад амжилт гаргаж л байвал намайг дэмжиж, тусалдаг хүмүү-сийнхээ ачийг хариулж байна гэсэн үг. Би ингэж л ойлгодог. Итгэлийг зүтгэлээр гэдэг шүү дээ.

Б.Мөнхзул

 

Миний охины амжилт бол ховорхон тохиол юм шүү

 

Дэлхийн аварга болсон жүдоч ач охиноо тосохоор түүний өвөө аймгийн алдарт уяач С.Арвин гуай Баянхонгор аймгийн Баян-Овоо сумаас Улаанбаатарт иржээ. Түүнтэй цөөн хором ярилцлаа.

-Танд баяр хүргэе. Ач охин нь дэлхийн аварга боллоо шүү дээ?

-Муу охиноо дэлхийн аварга болоход миний баярлаж байгаа гэж жигтэйхэн. Манай охин чинь Х.Баттулгын бөх шүү дээ. Миний ачийг өөрөө дагуулж яваад “Женко” дэвжээндээ авч өдий зэрэгт хүргэж Монголын төдийгүй дэлхийн хэмжээний бөх болголоо. Жүдо бөхийн хамт олны ачаар миний охин дэлхийд нэрээ мандуулж, улс орныхоо нэрийг гаргаж чадсан болохоор сайхан юм аа. Бид ах дүүгээрээ баярлаад сүйд. Манайхан Урнааг л хүлээсэн улсууд байгаа. Өвөө нь охиныхоо амжилтыг ховорхон тохиол гэж бодож сууна.

 

-Ач охиныхоо дэлхийн аваргын барилдаануудыг үзэв үү?

-Үзэж амжаагүй. Манайх аймгийн төвд байдаг юм. Зундаа Баян-Овоо сумынхаа гуравдугаар бригадад нүүгээд ирнэ. Нүүхдээ зурагтгүй ирсэн. Хүүхдүүд л дэлхийн аварга боллоо гэж надад дуулгасан. Тэрнээс хойш сэтгэл санаа өндөр их сайхан байна даа. Лондоны олимпод барилдахад өвөө зурагтныхаа өмнө арц уугиулаад сууж байлаа.

 

-Танайх бөхийн удамтай юу?

-Өвөө нь насаараа шахуу адуу малласан хүн. 13 хүүхэдтэй. М.Уранцэцэг эхээсээ гурвуулаа. Манайх бөхийн удамтай айл. Өвөө нь 1972 оны бүх ард түмний II спартакиадад аймгаас шалгарч очоод Өмнөговь аймагт түрүүлж спортын мастер цолны болзол хангасан. Миний аавын төрсөн ах улсын заан Дамдиа гэж хүн байсан. Миний том хүү Цэдэвсүрэн аймгийн заан цолтой байсан. Уранцэцэгийн аав ч бас аймгийн начин хүн шүү дээ.

 

-Охиноо яагаад бөх болгосон юм бэ?

-Би болгоогүй шүү дээ. Х.Баттулга сайд ирээд л аваад явсан. Ер нь миний охин багаасаа барилдах дуртай. Үеийнхээ эрчүүдтэй ана мана л барилддаг байсан. Хойгуур, урдуур явсан хүүхдүүдтэй ноцолдоод, барилдаад тонгорч унагаагаад л. Бөхийн спортод авьяастай юм байна гэдгийг бүр эрт мэдэрсэн. Хэзээ нэгэн цагт миний охин амжилт гаргана гэж итгэж, найдаж явлаа. Одоо бол сайхан байна аа. Би тухайн үед барилдах авьяастай төрж дээ гэж харснаас цаашгүй. Эмэгтэй хүн барилдахыг чинь хөдөө бол хорьдог юм шүү дээ.

 

С.Арвин

 

 


Нүүр хуудас