Энэтхэгийн тамирчинг медалиа буцааж өгсний төлөө 500 ам.доллараар торгожээ

2014-10-02 13:17:11

Сүүлийн өдрүүдэд “Инчён-2014” Азийн наадамтай холбоотой олон таагүй мэдээлэл олон нийтийн анхаарлын төвд байсаар байна.

 

Энэтхэгийн тамирчин Лайшрам Сарита Дэви Эмэгтэйчүүдийн боксын 57 килограммын жинд БНСУ-ын тамирчин Пак Жинатай өрсөлдөж тоглолтын туршид илт давуу ялалт байгуулсан боловч шүүгчдийн зүгээс Солонгосын тамирчинд ялалтыг өгсөн юм.

 

Сарита Дэви өчигдөр медаль гардаж авах үеэрээ шүүгчийн энэхүү шударга бус байдлыг эсэргүүцэж медалиа буцааж өгсөн нь Азийн наадмыг зохион байгуулагч Солонгосчуудыг сандаргаад зогсохгүй, олон улсад шуугиан тариад байгаа аж.

Тэрбээр медаль гардуулах ёслолын дараа сэтгүүлчдэд “Би медаль авахыг хүсээгүйдээ энэ бүхнийг хийсэн юм биш. Би боксын карьераа үргэлжлүүлэхийн тулд, шударга ёсны төлөө медалиа Солонгосын тамирчинд өгсөн. Мэдээж би хийсэн үйлдлийнхээ хариуцлагыг хүлээхэд бэлэн байна. Гэхдээ намайг медалиа буцааж өгөөд тайзнаас буухад Энэтхэгийн албаны хүмүүсээс хэн нь ч бидэнтэй ирж уулзаж, тайтгаруулаагүй. Би яг одоо эх орондоо буцаж очоод бяцхан үрээ тэврэхийг юу юунаас илүү хүсэж байна” хэмээн ярьжээ.

 

Энэтхэгийн нэгэн сайтад Сарита Дэвигийн энэхүү үйлдлийг үзэгчид хийгээд, онлайн ертөнц бүхэлдээ дэмжиж байгаа ч Олон улсын сонирхогчдын боксын холбоо, Азийн Олимпийн Зөвлөл үүний эсрэг байр суурьтай байгаа тухай бичжээ. Түүнчлэн Монголын тамирчин Н.Төгсцогт болон Энэтхэгийн тамирчин Сарита Дэви нар өрсөлдөгчөө илт давуу ялж байсан эцсийн мөчид шүүгчид Солонгосын тамирчдад ялалт өгснийг шүүмжилсэн байна.

 

Олон улсын сонирхогчдын боксын холбоо тэргүүн Дэвид Фрэнсис “Энэ бүхнийг Энэтхэгийн тамирчин, тэдний багийнхан зохион байгуулалттайгаар хийсэн нь харагдаж байна. Түүнийг медалиасаа татгалзаж байгааг харах харамсалтай байлаа” гэжээ.

 

Мөн Олон улсын боксын холбооноос Сарита Дэвиг энэхүү үйлдлийг ёс зүйгүй хэмээн үзэж 500 ам.доллараар торгохоор болсон гэжээ. Харамсалтай нь Энэтхэгийн тамирчин уг төлбөрийг төлөх мөнгө байгаагүй бөгөөд түүний дасгалжуулагч болон нэгэн Энэтхэг сэтгүүлч торгуулийг төлөхөд нь тусалсан аж.

 

Б.Саруул

 

 

 


Нүүр хуудас