А.Мөрөн Монголын анхны мэргэжлийн хөлбөмбөгчин боллоо

2013-12-30 09:05:00

Монголын хөлбөмбөгийн шигшээ багийн довтлогч Алтанхуягийн Мөрөн Тайландын хоёрдугаар лигийн “Краби” багт тоглохоор хоёр жилийн гэрээ байгуулсан байна. Ингэснээр 24 настай А.Мөрөн Монголын анхны мэргэжлийн хөлбөмбөгчин боллоо. Тайландын “Краби” баг өнгөрсөн улиралд лигтээ есдүгээр байрт шалгарсан бөгөөд шинэ улиралд Тайландын хөлбөмбөгийн дээд лигт дэвших зорилт тавиад буй баг юм.

 

“Краби” багийн эзэн Сомкиат Киттидракул багаа “Премьер лиг”-т дэвшүүлэхийн төлөө шинэ улирлын өмнө хэд хэдэн легионер тоглогчдыг багтаа элсүүлсний дунд 24 настай Монгол залуу А.Мөрөн багтсан юм. “FC Краби” багийн ерөнхийлөгч түүнийг багтаа элсүүлсэндээ маш их баяртай байгаагаа илэрхийлээд, түүний мэргэжлийн хөлбөмбөгчний замнал улам их амжилттай үргэлжилнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн байна.

 

Харни А.Мөрөн өөрийн сэтгэгдлээ хуваалцахдаа, “Намайг байнга дэмжиж, урам хайрлаж байсан нийт монголчууддаа юуны өмнө баярласнаа илэрхийлье. Аав, ээж, гэр бүлийнхэн, найз нөхөд болоод надад хөлбөмбөгийн спортыг зааж сургасан нийт дасгалжуулагч нартаа, тэр дундаа Монгол Улсын гавьяат багш Шархүү агсанд баярлаж явдгаа илэрхийлэхийг хүсч байна. Цаашид Тайландын “Премьер лиг”-т хүч үзэж, Монгол Улсынхаа нэрийг гаргахын төлөө бүхий л хүчээ дайчлан тоглох болно” хэмээжээ.

 

Ц.Баянаа


Нүүр хуудас